XIII-XIV зууныг Монголын сонгодог уран зохиолын хөгжлийн үед хамааруулдаг. Монголын сонгодог уран зохиолын дурсгал болсон “Монголын нууц товчоо”, “Чингисийн эр хоёр загалын тууж”, “Чингисийн есөн өрлөгтэй өнчин хүүгийн цэцэлсэн шастир” зэрэг уран зохиолын түүхэн дурсгал болсон олон олон бүтээл байдаг.
Эдгээрийн дотроос “Монголын нууц товчоо” хэмээх түүхэн зохиол нь монгол үндэстний маань анхны түүхэн дурсгалт бүтээлийн нэгэн юм.
Тийм ч учраас Монгол түмэн энэхүү алдарт “Монголын нууц товчоо” хэмээх бүтээлийг эрхэмлэн дээдэлж хоймортоо залдаг.
Энэхүү бүтээлийн зохиогч нь тодорхойгүй
• Шихихутаг
• Чингай ноён
• Хамтын зохиогчтой зэрэг олон санал бий.
Зохиогдсон он нь: 1240 он.
• Зарим эрдэмтэд 1252, 1264 оны хулгана жилд хамааруулан тайлбарладаг гэж сурах бичигт дурьдсан байдаг.
Оросын нэрт эрдэмтэн, судлаач Б.Я. Владимирцов хэлэхдээ: “...“Монголын нууц товчоо” бол монголын түүхийн хосгүй баримт болохоос гадна монгол ардын оюуны чадварыг гэрчилсэн гайхамшигт уран зохиол мөн” гэжээ.
Ийнхүү “Монголын нууц товчоо” хэмээх бүтээл нь дундад зууны үеийн үргэлжилсэн үг, яруу найраг, түүх, уран зохиолын дээд болсон хэл найруулгын яруу тансагыг илэрхийлсэн бүтээлийн нэгэн юм.
“Монголын нууц товчоо” хэмээх энэхүү бүтээл нь анх хятад үсгээр бичигдсэн буюу уйгар монгол үсгээр бичигдсэн эсэх нь тодорхойгүй гэж бичсэн байдаг. XIII зууны үед монголчууд хятад үсгийг хэрэглэж байсан мэдээ байх тул энэ зохиолыг шууд хятад үсгээр монгол хэл дээр зохиосон байж болох талаар бичсэн байдаг.
Нөгөө талаас анх уйгар монгол үсгээр бичигдээд дараа нь хятад үсгээр сийрүүлж бичсэн нь олдсон, монгол үсгээр зохиогдсон эх нь алга болсон гэж бичсэн байдаг. Энэ зохиолын хуучин монгол үсгээр бичигдсэн эх одоог хүртэл олдоогүй. Харин хятад үсгээр монгол хэл дээр бичигдсэн эх хувь нь хятадын нутгаас олдсон гэдэг.
“Монголын нууц товчоо”-ны хятад үсгийн эх европт анх мэдэгдсэн тэр цагаас хойш 100 шахам жил болсон байна.
Оросын эрдэмтэн Кафаров Бээжинд байхдаа хятад хэл бичигт сайтар боловсорч, хятадын олон судраас аль чухлыг нь сонирхон үзэж судлан “Монголын нууц түүх” гэдгийг Манжийн Богд хааны номын сангаас нэгэн танил эрдэмтнээрээ сэм авхуулан, зөвхөн хятад орчуулганаас нь төрөлх орос хэл рүүгээ орчуулж 1866 онд нийтэлсэн тэр цагаас хойш олон улсын эрдэмтэд энэхүү суут бүтээлийг үзэх, судлах эхлэл тавигдсан гэж үздэг байна.
1382 онд хятад хэл дээр Жан Юан-Зи, Маш-их нар орчуулсан гэж оросын эрдэмтэн Кафаров хятадын түүхээс иш татан мэдээлсэн байна.
Уг бүтээлийг төрөлх монгол хэлнээ хөрвүүлэн монгол түмэндээ маш их түүхэн бөгөөд оюуны их хувь нэмэр оруулсан хүн нь Хатиган овогт Цэндийн Дамдинсүрэн юм. Тэрээр Монгол Улсын төрийн хошой шагналт, Ардын уран зохиолч хүн.
Энэхүү “Монголын нууц товчоо” хэмээх бүтээл нь монгол түмний маань түүхэн өв их эрдэнэ төдийгүй өргөө гэрийнхээ хойморт залах бүтээлийн дээд бүтээл, монгол түмний соёлын их өв, бахархал болсон бүтээл юм.
No comments:
Post a Comment