Wednesday, November 3, 2010

“Хэл - үндэсний баялаг” Хэлний хүчирхийлэл цуврал нийтлэлийг шинжлэх нь

Л. Түдэв гуай “Дал” сонины нэгэн дугаарт “Хэл-үндэсний баялаг” “Хэлний хүчирхийлэл” цуврал нийтлэлийг бичиж гаргасан байна. Энэхүү цуврал нийтлэлтэй танилцахын өмнө уг нийтлэлийг бичигч Л. Түдэв гуайн талаар товчхон намтрыг нь судалсан. Үүнд:

Жалайр овогт Лодонгийн Түдэв нь 1935 онд Говь-Алтай аймгийн Наран суманд төрсөн. Тэрээр УБИС-ийн Орос хэл, уран зохиолын багш мэргэжлээр, хуучнаар ЗХУ-д докторантурыг төгсөж, Хэлбичгийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан хүний нэг. Л.Түдэв гуайн бүтээж туурвисан гол бүтээлүүдэд нь “Хорвоотой танилцсан түүх”, “Мөнхийн гал” тууж,
“Нөхөд”, “Уулын үер”, “Нүүдэл суудал”, “Оройгүй сүм” зэрэг роман, “Зэрэг нэмэхийн өмнө” кино зэрэг олон бүтээлүүдийг нь дурьдаж болно.

Л.Түдэвийн монголын уран зохиолын их санд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж МХЗЭ-ийн шагнал, Монгол улсын Төрийн шагнал, Монгол Улсын Соёлын Гавъяат зүтгэлтэн цол, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолоор тус тус шагнасан байна.

Л. Түдэв нь Монгол хэлний талаар олон бүтээл, туурвил гаргасан хүн. Түүний нэг нь “Дал” сонинд нийтлэгдсэн “Хэл - үндэсний баялаг” “ХЭЛНИЙ ХҮЧИРХИЙЛЭЛ (LANGUAGE VIOLENCE)” цуврал нийтлэл юм. Энэхүү цуврал нийтлэл нь дараах үндсэн хэсгүүдэээс бүрдэж байна. Үүнд:

* Хэлний хүчирхийлэл оршил хэсэг
Нэг. Заяамал хэлний заяа
Хоёр. Хэлээр түрэмхийлэгчид хэн вэ?
Гурав. Хэлний шинжлэл үндэстэнд холбогдох нь зэрэг хэсгүүдтэй.

Дээрхи цуврал нийтлэлийг унших явцад өөрийн эрхгүй нэгийг бодогдуулсан мөрүүд олон байна.

Ж-нь: Хэлний хүчирхийлэл оршил хэсэгт:

1. Хүн төрөлхтөнд заяасан хэл
2. Унаган монгол хэл, соёл
3. Монголчуудын аж амьдрал, хувцаслалт, хэл соёлд гарсан өөрчлөлтүүд
4. Насанд хүрэгчдийн ба хүүхдийн хэл яриа
5. Охид, эмэгтэйчүүдийн биеэ авч явах байдал, эрүүл мэндийн асуудал
6. Байгууллагын гаднах хаяг буюу монгол хүн монголдоо монгол хэлнийхээ эрэлд гарсан түүх зэргээс өгүүлжээ.
Нэг. Заяамал хэлний заяа хэсэгт:
1. Үндэстэн ба хэл
2. Хэлний хүчирхийллийн үр дагавар анхаарах асуудлууд хэлний эрлийзжүүлэлт
Хоёр. Хэлээр түрэмхийлэгчид хэн вэ хэсэгт:
1. Эх хэлээ хамгаалах талаархи авч явуулсан ажлууд
2. Төрийн түшээд ба тэдний монгол хэлний боловсрол
3. Оньсого мэт ойлгомжгүй нэрийн товчлол
4. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл ба сэтгүүлчдийн хэлний боловсрол
5. Монгол хэлний тухай хууль
6. Хууль, дүрэм ба хэлний найруулга
Гурав. Хэлний шинжлэл үндэстэнд холбогдох нь хэсэгт.
1. Эрт эдүгээгийн хэл соёл
2. Нийгмийн ёс заншлын түгээмэл байдал
3. Монгол хэлээрээ бахархах сэтгэл
4. Монгол хэлээ судлах, хөгжүүлэх, хамгаалах дээдлэх талаар дэвшүүлж буй санаа зэргийг дурьдсан байна. Үүнд:

- Хэл ярианы соёл
- Төрөлх хэлний хамгааллын асуудал
- Толь бичиг
- Интернет ба монгол хэл
- Монгол хэл ба төрийн гүйцэтгэх үүрэг
- Хэвлэл мэдээллийн хэрэгслийн хэлний боловсролд тооцох хариуцлага гэх мэт.

Цувралд нийтлэлд бидний амьдралын эргэн тойронд байгаа монгол хэлний соёл, боловсролтой холбоо бүхий гол асуудлыг энгийн ойлгомжтой хэлбэрээр амьдралын энгийн жишээн дээр гарган харуулжээ. Энэ нийтлэлийг уншсаны дараа эргэн бодоход иргэдийн маань монгол хэлний боловсрол, соёлын түвшин, хэл ярианы үгсийн сан яаж ядуурч, эрлийз болж байгаа нь харагдаж байна. Үүнд анхаарлаа хандуулах цаг аль хэдийн болжээ гэдгийг харуулж байна. Хүүхэд, залуучууд уран зохиолын ном уншихгүй байгаагаас тэдний хэл ярианд хэрэглэгдэх монгол хэлний сан мэдлэг нь огт хөгжихгүйд хүрч, цөөн хэдэн ойлгомжгүй үг яриагаар өөр хоорондоо харилцсаар байна.

Хүн хэлтэй бол хөлтэй гэдэг үг байдаг. Тэгвэл гадаад хэлийг шамдан сурахын өмнө аялгуу сайхан монгол хэлэээ зөв ярьж, бичиж, хэлж сурчихаад дараа нь гадаад хэл сурахаар цаг заваа зориулах нь чухал. Ингээгүйгээс болоод нууцгүй хэлэхэд монголоор бичсэн зүйлийг монгол руу нь орчуулж ойлгох гэж толгой өвдөх шахам болж байгаа дүр зураг олон байдаг.

Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгчдийн нэг Боржигон овогт Дашдоржийн Нацагдорж “Түүхийн шүлэг” хэмээх бүтээлдээ: “...Өсөхөөс сурсан үндэсний хэл, орхиж болшгүй соёл мөн”... гэж өгүүлсэн байдаг.

Монгол хүн монгол газар шороон дээрээ дэлхийн соёлтой хамт эн зэрэгцэн алхаж байгаа хэдий ч монголоороо байх, монгол соёл, монгол хэлтэйгээ байх сайхан. Монголдоо байгаа мөртлөө Монголоо хайсан монгол болохгүй юмсан даа.

No comments:

Post a Comment